- 2025 оны 10-р сарын 01
- tusuv
- 0
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.10.01/ хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх байгууллагуудын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Ирэх оны төсвийн төсөл дэх батлан хамгаалах чиглэлээр хийх арга хэмжээнүүд ойлгомжгүй байгаа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай зөрчилдөж байгааг тодотгосон. Тэрбээр энэ салбарт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих талаар тодруулсан.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БХЯ-ны салбарын хөрөнгө оруулалтын асуудлууд нууцын зэрэглэлтэй гээд, төсвийн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд жагсаалтаар нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын урсгал зардлууд жаахан нэмэгдсэн ч бусад зардлууд дан хасах дүнтэй байгаа хэмээн тодотгоод, хөрөнгө оруулалтын зардал 67 тэрбум, үүнээс 36 орчим тэрбум нь анги салбартай холбоотой тоног төхөөрөмж, энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай 16 орчим тэрбум төгрөгийн төсвийн төсөлд тусгасан гэлээ. Үлдсэн 31 орчим тэрбум нь анги байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зардлууд гэсэн мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Япон дахь ЭСЯ-ны барилгын нөхцөл байдал хүндэрсэн, ийм барилгатай гадаад орон дахь ЭСЯ-д олон байгааг онцлоод, хилийн чанадад байгаа дипломат алба хашиж байгаа хүмүүсийнхээ ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулан асуув.
Мөн тэрбээр дутуу дулимаг тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчдын асуудлыг ирэх жилд хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон дахь ЭСЯ-ны барилгыг нураагаад буулгах хувилбар болоод төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх гарцуудын талаар сүүлийн хэдэн жил ярилцаж байна. ЭСЯ-ны барилгыг буулгаад дахин барихад дор хаяж 30 сая ам.долларын зардал гарахаар байгаа. Ийм хэмжээний мөнгийг төсөвт суулгаагүй. Гадаад оронд дипломат төлөөлөгчийн 50 газар ажиллаж байгаа ч өөрийн байртай нь цөөхөн. Олон барилгад засвар хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жил хоёр газарт засвар хийсэн. Ирэх жил хэд хэдэн газар засвар хийхээр зардлуудаа тавиулаад байна. Ядаж жилд 1-2 барилгад засвар хийгээд явья гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн хариулт өгөв.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Я.Гантөмөр, Өнөөдөр Монгол Улсад 171 гал унтраах анги ажиллах шаардлагатай ч 69 анги үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх аврах нэгж 66 байх ёстойгоос 51 анги салбар үүргээ гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хангалт, хувцас хэрэглэл, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьтай байгаа. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад өссөн ч хангалттай үзүүлэлт биш. Ийм учраас ой хээрийн түймрийн үед Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 11 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтыг нэмэн шийдвэрлэж өгсөн. Ирэх онд 29 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих 100 сая ам.долларын төслийн хүрээнд бид саналаа боловсруулаад Сангийн яаманд хүргүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр хангалтын хувь хэмжээ 80 хувьд хүрнэ гэсэн тооцоололтой байгаа гэсэн хариултыг өгөв.
Хэлэлцүүлгийн үеэр гадаад улс оронд байгаа монгол иргэдэд туслах арга хэмжээ, 1970, 1980-аад оны барилга байшинтай зэвсэгт хүчний анги салбарын барилга байгууламжийн асуудал, онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл, гал унтраах машингүй байгаа орон нутгийн аврах ангийн асуудлыг хөндөж байлаа.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсов.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны хагас жилийн байдлаар 35.5 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа бөгөөд Олон улсын валютын сангийн Өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр манай улс 2023 онд өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан бол 2025 оны 06 дугаар сард хэвийн эрсдэлтэй үнэлэгдсэн гэлээ.
Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа өрийн удирдлагын арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаа нь Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг чанд мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаатай холбоотой хэмээгээд, Өрийн удирдлагын тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш Улсын Их Хурлаас нийт 4 удаагийн стратегийн баримт бичгийг батлаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг нийт 4 зорилт, 9 арга хэмжээтэйгээр баталсан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэхүү стратегийн баримт бичгийн зорилт, шалгуур үзүүлэлтийг мөрдөж ажиллан, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьд тогторжиж, гадаад үнэт цаасны төлбөрийн дарамт буурах, өрийн багцын зардал эрсдэлийн үзүүлэлтүүд сайжрах төсөөлөлтэй байна гэж Сангийн сайд мэдээллээ.
Эх сурвалж : https://www.parliament.mn/nn/75787/


