Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09.10 цагт Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхлэв.
Хуралдаанд :
- ИТХ-ын дарга Б.Батнасан
- Тэргүүлэгч Ф.Мөнхгэрэл
- Тэргүүлэгч Х.Цогцэцэг
- Тэргүүлэгч Б.Болормаа
- Тэргүүлэгч Н.Нэргүй
- Тэргүүлэгч Б.Ганхөлөг
- Тэргүүлэгч Г.Дагвадорж
- Төлөөлөгч Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр
- Төлөөлөгч И.Батнасан
- Төлөөлөгч Д.Мөнхтайван
- Төлөөлөгч Б.Эрдэнэхорол
- Төлөөлөгч Д.Оюунгэрэл
- Төлөөлөгч Ц.Цэцгээ
- Төлөөлөгч Г.Гансүх
- Төлөөлөгч Х.Батбаяр
- Төлөөлөгч Б.Дуламсүрэн
- Төлөөлөгч Ж.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй ээлжит 11 дүгээр хуралдааныг 100 хувийн ирцтэйгээр эхэлж, чуулганд дүүргийн Аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нар урилгаар оролцлоо.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан
- Дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Дүүргийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай, Дүүргийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт
- Дүүргийн 2015 оны төсвийн тодотгол
- Дүүргийн 2016 оны төсөв
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажил батлах тухай
- 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай
- Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- Гэр хорооллын зарим гудамжийг хаягжуулж, нэршил олгох тухай
- Бусад асуудал
- Соёлын ордны авлага хүчингүй болгох тухай
- Сурагчдын “Мини парламент”-аас гарсан саналыг дэмжих тухай
- Дүүрэгт шаардлагатай боловсон хүчнийг түр орон байраар хангах тухай
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.
Б.Батнасан: Сайн байцгаана уу. Хүрэлцэн ирсэн эрхэм Төлөөлөгч, дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдааны ирц 100 хувь болж хурлын ирц бүрдсэн тул хуралдааныг албан ёсоор нээснийг мэдэгдье.
Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя. /Хэлэлцэх асуудлыг ХАВСАРГАВ/
Хэлэлцэх асуудалд нэмэлт асуудал байна уу? Миний зүгээс нэмэх нэг санал байна. Дүүрэгт одоогоор эзэнгүй байсан 80 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Одоогоор 120 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах ажил явагдаж байна. Ашиглалтанд орсны дараа дүүрэгт ирэх 12 орон сууц, ирээд байгаа 3 орон сууцыг дүүрэгт шаардлагатай боловсон хүчнийг түр орон байраар хангах тухай журам гаргаж, эзэмшүүлэх саналтай байна.
Хэлэлцэх асуудал дээр нэмэх саналтай Төлөөлөгч байхгүй тул хэлэлцэх асуудлыг нийт Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
СОНССОН НЬ: Ингээд хэлэлцэх асуудлын эхний асуудал болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг Ажлын албаны дарга Ц.Дэнсмаа танилцуулна.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Ц.Дэнсмаа: /ИТХ-ын ажлын албаны дарга/ – Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулъя. /Ажлын албаны тайлан ХАВСАРГАВ/
Анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Б.Батнасан: Өнөөдрийн манай хуралдаанд Ил тод байдал Төрийн бус байгууллагын ажилтан Б.Лхамсүрэн оролцож байна. Хоёрдахь асуудал болох дүүргийн 2014 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Мягмарсүрэн танилцуулна.
ХЭЛЭЛЦСЭН НЬ
Ц.Мягмарсүрэн: /СТСХ-ийн дарга/ – Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулахаар өргөн барьж байна. /2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулах тухай илтгэл ХАВСАРГАВ./
Ингээд эрхэм төлөөлөгч та бүхнээс дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлахыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Б.Батнасан: – Ц.Мягмарсүрэн даргад баярлалаа. 2014 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуулттай төлөөлөгч байна уу?
И.Батнасан: – Төлөөлөгч нарт тараасан материал, тавьсан илтгэл хоёрын мөнгөн дүн нь зөрөөд байна.
Ц.Мягмарсүрэн : – 5 тэр бум 95 сая нь орлого, 5 тэр бум 30 сая нь зарлагын дүн юмаа.
Б.Батнасан: – Өөр асуулттай төлөөлөгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байсангүй
Б.Батнасан: – Асуулт байхгүй бол нэмж хэлэх санал байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй тул саналыг таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар саналыг таслан тогтоолын төсөл танилцуулав. /2014 оны Төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төсөл ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулттай төлөөлөгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байсангүй
Тогтоолын төсөлтэй холбоотой нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй тул саналыг таслаад тогтоолын төслийг батлах уу?
Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Тогтоолын төсөл дээр асуух асуулт, санал хэлэх төлөөлөгч байхгүй тул тогтоолын төслийг батлахаар шийдвэрлэв.
Б.Батнасан: – Гурав дахь асуудал буюу Дүүргийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт, дүүргийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр танилцуулна.
СОНССОН НЬ:
С.Эрдэнэбаяр : – Эрхэм хурлын даргаа, Эрхэм төлөөлөгчдөө, Аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нар, зочидоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. /Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт, дүүргийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг ХАВСАРГАВ/
Дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр 2015 онд 90.6%, Дүүргийн Эдийн засаг, нийгмийн зорилт 90.2 хувьтай хэрэгжсэн байна. 2016 он бол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн сүүлийн жил тохиож байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангах, тухайн оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүч чадлаа батлагдсан төсвөөс гадна хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татан төвлөрүүлэхэд та бид бүхэн хамтран хамт олон аж ахуйн нэгж, байгууллагуудын нөөц бололцоог дайчлан бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан ажиллах ба үр дүн нь иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Батнасан: – Засаг дарга С.Эрдэнэбаярт баярлалаа. Дүүргийн 2015 оны Эдийн засаг, нийгмийн зорилт, Мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой асуулттай төлөөлөгч байна уу? Миний зүгээс 6 асуулт байна.
- “Трансгайд” ХХКомпанитай гурвалсан гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд дүүргийн иргэдийг ажиллуулах санал тусгасан уу? Дүүргийн хэдэн иргэн ажилд орсон бэ?
- 2-р хорооны халаалтын зуухны нэмэлтээр хийгдсэн ажил доголдоод байна гэж иргэдээс санал ирээд байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас техникийн нөхөн сэргээлт хийгдэх тогтоол гарсан байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна.
- Нийгмийн даатгалд 70 аж ахуйн нэгж, даатгалд хамрагддаг гэж байна. Төрийн байгууллагууд орсон уу?
- Дүүргийн өмчид байгаа 1 дүгээр хорооны 1 дүгээр байрны ажил 30 хувьтай явж байгаа гэж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? Үнэлгээний ажлын явцын тухай сонсмоор байна.
- Онцгой байдлын хэлтсийн байр улсын төсвөөр хийгдэнэ гэж байсан. Энэ талаар мэдээлэл авмаар байна.
С.Эрдэнэбаяр:- дээрх асуултанд хариулъя
- “Транс гайд” ХХК нь дүүргийн хэмжээнд 10 га газар эзэмшин агуулахаа бариад байна. 2 дугаар хорооны ИНХ-аас иргэдээс санал аван дэмжигдэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Уг компаний үйл ажиллагаанд нарийн мэргэжлийн ажилтан шаардлагатай байдаг. Ажилд орох хүсэлтэй 17 иргэний материалыг тус компанид хүргүүлээд байна. Яг одоогийн байдлаар “Трансгайд” ХХК-д хэдэн иргэн ажиллаж байгаа тоо алга байна. Ерөнхийдөө хотоос ажилчдаа авсан. Дүүргээс 3 хүн ажиллаж байгаа гэсэн мэдээ ирээд байна.
- 2 дугаар хорооны халаалтын зуухны ажлын хүрээнд албан ёсны мэдээллийг Д.Хүрэлбаатар мэдээлэл өгнө. 2015 оны ОНХсангийн хөрөнгө оруулалтаар халаалтын бойлерыг нэмж суурьлуулсан. БОС-наас ажлын даалгавар боловсруулан тендер зарласан. Уг ажлын даалгаварт нэмэлт мотор суурьлуулах ажил байгаагүй тул тендерт шалгарсан байгууллага уг ажлыг хийх боломжгүй гэсэн хариу өгөөд байна. Одоо шаардлагатай зүйл бол нэмэлт мотор суурьлуулах ажил байгаа юм. Урьд нь ашиглагдаж байсан мотор яасан вэ? Энэ талаар төлөөлөгч Б.Дуламсүрэн тайлбар хийнэ. Албан ёсоор иргэдээс халаалттай холбоотой гомдол гаргаагүй байна.
- 1 дүгээр байртай холбоотой асуудлаар бараг хурал болгон дээр ярьж байна. Бид 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтанд зураг төсөв хийлгэх гээд 18 сая төгрөг тавиад тендерийг 3 удаа зарласан боловч нэг ч компани тендерийн материал ирүүлээгүй. Учир нь зураг төсвийн мөнгө нь хэтэрхий бага тавигдсан байсан. Ахиад 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 55 сая төгрөг тавиад тендер зарлаад одоо зураг төсвийн ажил хэрэгжих шатандаа явж байна энэ ондоо багтаад уг нь хүлээлгэж өгөх ёстой. Мөн 1 дүгээр байр нь олон жил ашиглагдаагүй болохоор эвдэрч гэмтсэн зүйлүүд маш их байгаа учраас эхлээд барилга бүтээцийн дүгнэлтийг гаргуулна. Уг дүгнэлтийг монгол улсын хэмжээнд 2 газар хийдэг юм байна. Зураг төсөв бэлэн болоод хэдэн төгрөг шаардлагатай болохыг мэдээд бид эхний ээлжинд төсөв мөнгөө шийдэх ёстой байгаа. Дүүргийн иргэдээс орон байр хүссэн өргөдлийг Ф.Мөнхгэрэл дарга нэгтгээд өөр дээрээ байлгаж байгаа. Уг байрыг засаад ашиглалтанд оруулахад шаардлагатай хөрөнгө мөнгө хаанаас гаргахыг бас хэлж мэдэхгүй байна. Мэдээж ашиглалтанд оруулах дээрээ тулвал Засаг даргын Удирдлагын зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаар орж иргэддээ ашигтай байдлаар өгөх болно. Хувийн хэвшлийн компани засаж ашиглалтанд оруулахаар болвол тодорхой хэдэн хувийн байрыг дүүрэг орон нутагт өгөх ёстой. Харин тэр байрнуудыг дүүрэгт зайлшгүй байгаа боловсон хүчин бүхий иргэдэд түрээсэлж болно.
- Онцгой байдлын хэлтсийн барилгын ажил улсын төсвөөс анх 1 тэр бум 250 сая төгрөгөөр баригдахаар эхлүүлсэн. Тухайн үед тендер зарлагдаад явж байхад бид Онцгой байдлын ерөнхий газраас манай дүүргээс ажлын хэсэгт оруулах саналаа хэлсэн боловч бүх ажил зарлагдаад хэрэгжих шатандаа явж байгаа учир боломжгүй гэсэн хариу өгсөн. Анхны компани нь тендерээ авчаад уг ажлыг хийж чадахгүй гээд больсон. Дараа нь “Даяар трейд” ХХК эхлүүлээд суурь цутгаад шон зоогоод орхисон байгаа. 2015 онд уг ажилд улсын төсвөөс 500 сая төгрөг тавьсан боловч Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд солигдоод хийгдэж буй ажил дээр ахиж ажлын хэсэг тавьсан. Уг ажлын хэсэг нь барилгын ажилд нэмж хийх ажил байгааг тогтоогоод барилгын компанид мэдэгдсэн одоогоор барилгын компани нь судлаад бичиг баримт бүрдүүлэх шатандаа явж байгаа гэсэн хариу ирүүлээд байна.
- Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг В.Уранчимэг дарга танилцуулах байх
Б.Баяртуяа: – Дүүргийн Нийгмийн даатгалд бүртгэлтэй 70 аж ахуйн нэгж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 56 аж ахуйн нэгж байна. Уг аж ахуйн нэгжүүд нь төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүгд орсон байгаа. Бусад 14 нь идэвхгүй шимтгэлээ төлдөггүй байгууллага юм.
Б.Батнасан: – 2 дугаар хорооны зуухны асуудалд төлөөлөгч Б.Дуламсүрэн мэдээлэл өгөх үү?
Б.Дуламсүрэн: – 2015 онд хийгдсэн ялтсан бойлуур нь усны хатуулгаас болоод хагарсан. Энэ тухай гүйцэтгэгч компанид мэдэгдсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 20-ннос өмнө ирж янзалж өгнө гэсэн хариу өгөөд одоог болтол ирээгүй байна. Бид 1 жилийн баталгаат хугацаанд нь гар хүрээгүй байгаа.
Б.Батнасан: – Энэ асуудалд Тохижилт, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар мэдээлэл өгөх үү?
Д.Хүрэлбаатар: /ТХҮХ-ийн дарга/ – Энэ зуух нь туршилтын явцад нарийн турба нь бөглөрч гэмтсэн. Мэргэжлийн хяналтаас дүгнэлт гаргасан байгаа. Уг компани нь урин дулаан цагт ирнэ гээд одоогоор ирээгүй байна. Баталгааны хугацаа дуусаагүй байгаа.
С.Эрдэнэбаяр: – 2 дугаар хорооны айл өрхөөс паар нь халж байгаа талаар санал асуулга аваарай.
Б.Батнасан: – Паар нь халахгүй байсаар байгаад өвөл дууслаа.
И.Батнасан: – 110 станцын шугам барьсан. Дотоод сүлжээг сайжруулах зураг төсвийн ажил хийгдэж байсан. Зураг төсвийн ажил ямар шатандаа явж байна вэ? Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй өвөлжилтийн бэлтгэл ажилд нөөцөлсөн өвс тэжээл байгаа юу?
С.Эрдэнэбаяр: – 110 станц барьсантай холбогдуулан дотоод сүлжээг сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотой 2015 онд 70 сая төгрөг тавьсан. Уг ажлыг бүх газраар хөөцөлдөж явсан. Засгийн газар болон сайд өөрчлөгдөөд энэ ажил зогсож, хийгдээгүй өнгөрсөн. Станцыг ашиглах талаар тодруулга авсан. Дотоод сүлжээнд ашиглах боломжийг бид бүрдүүлэх ёстой. Үүнийг ашиглахын тулд яамнаас мэргэжлийн хүн авчирах шаардлагатай.
И.Батнасан: Техникийн нөхцөл гэж гардаг. Үүнийг гаргахад нилээд ажил шаарддаг. Хугацаатай байдаг. Хугацаа дуусвал дахин техникийн нөхцөл гаргуулахад хүндрэлтэй.
С.Эрдэнэбаяр: Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдсэн. Аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдаас хүн тус бүрээс 10.000 төгрөг хураасан. 2014 онд бүрдүүлсэн нөөцийн тодорхой хэсэг байгаа. Нарийн тоо мэдээг онцгой байдлын хэлтсийн дарга өгнө. Мөн аюулгүй нөөц бүрдүүлэх мөнгө нийслэлд батлагдсан байна. Түүнд бид саналаа хүргүүлж, 10 сая төгрөгний санхүүжилт нэмж авахаар болж байгаа. Уг мөнгөөр өвс тэжээл аваад цаг хүндрэх үед хямд үнээр ард иргэдээ хангана.
О.Содовжамц: /ХААА-ы дарга/ 110 станцтай холбоотой асуудлаар яам, Тамгын газраар нилээд явсан. Өмнө нь техникийн нөхцөл гаргаж байсан хүн нь нөхцөл байдлаа сайн гаргаж ир гэсэн. Техникийн нөхцөл гаргаж өгсөн хүн амралттай байж байгаад уулзаж чадаагүй. Эхний техникийн нөхцөл хүчингүй болсон.
Б.Цогбадрах: /Онцгой байдлын хэлтсийн дарга/ 20 сая төгрөгөнд 400 боодол өвс, 60 шуудай хэвэг нөөцөлж авсан.
Ж.Баярбаатар: 1. Шилэн данстай холбоотой иргэдээс санал хүсэлт авсан уу? Хэдэн иргэн шилэн дансруу орж мэдээлэл авсан бэ?
- ОНХСХ-өөр хийгдэж буй ажлын хөндлөнгийн хяналтанд хэдэн хүн ажилласан бэ?
- Ажлын байр нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэдэн иргэн ажлын байранд зуучлагдсан бэ?
Ц.Мягмарсүрэн: 1. Дүүргийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажилласан. Шилэн дансанд ажиллах мэдээллийг уг захирамжаар хүргүүлсэн. Дотоод аудитын албатай хамтраад 25 аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогчийг Налайх дүүрэгт болсон шилэн дансны сургалтад хамруулсан. Мөн өдөр тутмын арга зүй, заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна. СТСХ-ийн холбогдох мэргэжилтнүүд шат дараатай сургалтад хамрагдаж байгаа. Байгууллагын нягтлан бодогч нар сар бүр 5 саяас дээш дүнтэй гүйлгээг тогтмол шилэн дансанд байршуулан ажиллаж байна.
- ОНХСХ-өөр хийгдэж буй ажилд дүүргийн иргэд нээлттэй оролцож байгаа. Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй 9 иргэн байгаа бөгөөд 2015 онд 3 иргэн хяналт тавин ажилласан. Иргэдийн бүлгийн ажилд 2 иргэн хяналт тавин ажилласан.
С.Эрдэнэбаяр: Шилэн дансны талаар иргэдээс авсан санал асуулга байгаа юу?
Ц.Мягмарсүрэн: – Иргэдээс санал асуулга аваагүй.
Л.Баасгай: /Дотоод аудитын албаны дарга/ Дотоод аудитын алба тогтмол хяналт тавин ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар иргэд хяналт тавьж чадахгүй. Мөн нөхцөл бололцоо байхгүй байна. 2016 оны 1-р сараас шинэ програмд шилэн дансны мэдээлэл хийгдэнэ. Ингэснээр иргэд чөлөөтэй харах боломжтой болно. Уг програмыг IT зоноос хийж байгаа. Одоо ашиглаж байгаа програмын хувьд хүндрэлтэй байна.
С.Эрдэнэбаяр: 3. Ажил олгогч 29 байгууллагад 75 иргэн ажлын байранд зууччлагдсан. Нийтийг хамарсан ажилд ч мөн зуучлагдсан.
Б.Ганхөлөг: Гурван асуулт байна.
- Эрүүл мэндийн үйлчилгээний талаар концесийн гэрээнд тусгахаар санал хүргүүлсэн гэсэн байна. Энэ заалт тусгагдсан уу?
- Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахаар ямар арга хэмжээ авсан бэ?
- Засаглалын хүрээнд гадаад харилцааг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ? Хэрэгжүүлсэн ажил байна уу?
С.Эрдэнэбаяр: 1. 2016 оны концесийн гэрээнд уг заалт тусгагдаагүй.
- Нийтийн тээврийн үйлчилгээний талаар “Хийморийн зам” ХХК-тай холбоотой гомдол, санал албан ёсоор ирээгүй байна.
- Дүүрэг шууд гадаадын байгууллагуудтай харилцаа тогтоох боломжгүй болсон. Урьд нь бид Хятадын Хорин гэр дүүрэг, өөр бусад гадаадын байгууллагуудтай шууд харилцаа тогтоодог байсан бол гадаад хэргийн яам, НЗДТГ-аар дамжуулан харилцаа тогтоодог болсон. Одоогийн байдлаар гадаад хэргийн яам, сайд манай дүүргээс гарсан УИХ-ын гишүүн Лу.Болдод хамтран ажиллах талаар хүсэлт хүргүүлээд байна.
Б.Батнасан: Өөр асуулттай төлөөлөгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байхгүй тул асуултаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар асуултаа таслав.
Б.Батнасан: – Асуулт байхгүй бол нэмж хэлэх санал байна уу?
Н.Нэргүй: Трансгайд нефтийн бүсэд ажиллах хүн манай дүүрэгт байгаа. Урьд нь нефтэд ажиллаж байсан туршлагатай хүмүүс олон байгаа. Мөн 2-р хороонд ажлаас гарсан туршлагатай төмөр замчид бий. Уг агууламжинд гал команд байх зайлшгүй шаардлагатай. Манай дүүрэгт үнийн хөнгөлөлттэй шатахуун авах боломж бий болгох талаар санал оруулмаар байна.
Ж.Баярбаатар: Мөрийн хөтөлбөрийн биелэлттэй танилцлаа. Тодорхой шийдвэр, үр дүнг нарийн тусгах, үнэлгээний хувь өндөр байна. Ногоон байгууламж нэмэгдүүлсэн хувь их байна. Самбарууд хоосон, зам дагуух ногоон байгууламж муу байхад үнэлгээг өндөр өгсөн байна. Үнэлгээ дүгнэлтэд анхаарч ажиллах шаардлагатай. Ажлын байрны сул орон тоо гарахад дүүргээс нөхөх боловсон хүчин байхгүй юу? ЗХХ-ийн шинэ дарга тийм мундаг хүн үү?, ЗДТГ-т ЗХХ-ийн даргаар ажиллах боловсон хүчин байхгүй байсан уу? Миний бодлоор зөндөө л хүн байгаа.
Б.Ганхөлөг: Төлөөлөгч Н.Нэргүйтэй санал нэгтэй байна. Эдийн засгийн хөгжлийн талаар дүүрэгт өөрийн төвлөрөлт байхгүй. Дүүрэг өөрөө төсвөө бүрдүүлж баймаар байна.
Б.Болормаа: Мөрийн хөтөлбөрийн 4.1-т заасан хадлан тэжээл боловсруулах тоног төхөөрөмжийг авах хүсэлтийг ҮХААГ-т хүргэсэн гэсэн байна. Уг тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн санал санаачилгаар төсөл хөтөлбөрт хамруулах талаар арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.
Д.Оюунгэрэл: ОНХСХ-өөр хийгдэж байгаа ажлын хяналтад иргэд байтугай байгууллага, аж ахуйн нэгж хяналт тавихад хүндрэлтэй байдаг. ОНХСХ-өөр хийгдэх гэж буй ажилд ажлын гэрээ байгуулахдаа гэрээндээ хүүхдийн эрхийг зөрчсөн эсэхийг оруулж баймаар байна. Б.Ганхөлөг төлөөлөгчтэй ижил бодолтой байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хүүхэд, ХБИ, өндөр настангуудын эрх маш ихээр хөндөгдөж байдаг. Үйлчилгээний чанарыг сайжруулах талаар “Хийморийн зам” ХХК-тай уулзахад паар сольсон, дулаалсан гэж хариу өгдөг. Бодлогын хувьд шинэчлэх шаардлагатай байна. Хувийн компани ч гэсэн дүүргээс хөнгөлөлтөд хамрагддаг байгууллагын нэг. Зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна.
Д.Алтанцэцэг: /Татварын хэлтсийн дарга/ “Хийморийн зам” ХХК- нь дүүргээс мөнгө авдаг ч татвар төлдөггүй. Ядаж авч буй 10 саяаасаа татвар төлдөг болмоор байна. Зөвхөн жишиг татварын тооцоо хийдэг.
Б.Батнасан: Нэмж хэлэх санал байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй тул саналаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар саналыг таслаад тогтоолын төсөл танилцуулав. /Тогтоолын төслийг ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулттай төлөөлөгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байсангүй
Тогтоолын төсөлтэй холбоотой нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй тул саналыг таслаад тогтоолын төслийг батлах уу?
Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт 90,5% буюу бүрэн хангалттай. Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт 90,2% бүрэн хангалттай гэж үнэлэн, тогтоолын төсөл дээр санал болон асуулттай төлөөлөгч байхгүй тул тогтоолын төслийг батлахаар шийдвэрлэв.
Б.Батнасан: 4 дэх асуудал буюу дүүргийн 2015 оны төсвийн тодотголыг СТСХ-ийн дарга Ц.Мягмарсүрэн танилцуулна.
СОНССОН НЬ:
Ц.Мягмарсүрэн: Та бүхэндээ дахин мэндчилж байна. Ингээд 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна. /2015 оны төсвийн тодотгол ХАВСАРГАВ/
Б.Батнасан: – Ц.Мягмарсүрэн даргад баярлалаа. 2015 оны төсвийн тодотголтой холбоотой асуулттай төлөөлөгч байна уу?
Г.Дагиймаа: /Ахмадын хороо/ 2015 онд үлдсэн 1 сая 800 мянган төгрөг үлдсэн. Үлдсэн мөнгийг тодотголоор оруулаад ахмад настангууддаа 1 удаагийн буцалтгүй тусламж болгох зорилготой байна. Дэмжиж өгнө үү.
Д.Хүрэлбаатар: /ТХҮХ-ийн дарга/ ОНХСХ-өөр техникийн хяналтын зардал суусан байгаа. Бинзен шатахууны зардал тавигдаагүй. Зориулалтаар нь суулгаж болох уу?
С.Эрдэнэбаяр: Д.Хүрэлбаатар дарга төсөв хэлэлцэж байхад саналаа өгөөгүй юм уу?
Ц.Мягмарсүрэн: Санал өгөөгүй.
Б.Алтанцоож: /Соёлын ордон/ Манай байгууллагын хувьд хасагдсан төсөв байхгүй. Хэмнэгдсэн зардал байгаа. Тог цахилгаанаас 2 сая төгрөг хэмнэгдсэн байна. Уг төсвийг тодотголоор оруулж байгууллагын албан хэрэгцээнд 2 ширхэг иж бүрэн компьютер авах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү. Манай байгууллагын хувьд 2006 онд 4 ш, 2008 онд 2ш компьютер авсан. Эдгээр нь ажиллахад маш хүндрэлтэй байдаг.
С.Эрдэнэбаяр: Ц.Мягмарсүрэн зардлуудаа дотроо шилжүүлээд авч болохгүй юу?
Ц.Мягмарсүрэн: Хэмнэсэн зардлаас эд хогшил авч болохгүй.
С.Эрдэнэбаяр: – Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх мэдлийн хувьд шийдвэрлэх боломжтой юм байна. Уг тодотголын талаар Засаг даргын Удирдлагын зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь ажлын хороод хуралдсан. Тодотголоор оруулах шаардлагагүй.
Б.Батнасан: – Төсвийн тодотголтой холбоотой нэмж асуух асуулттай төлөөлөгч, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч байна уу?
Л.Баасгай: /Дотоод аудитын алба/ Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжуулж тодотголд оруулахгүй шууд оруулж ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Манай төлөөлөгч нар бас анхааралдаа аваарай.
Ж.Баярбаатар: – Л.Баасгай даргатай санал нийлж байна. Төсвийн тодотголыг ахиж ярилцаад үдээс хойш баталж болох уу?
С.Эрдэнэбаяр: – Уг асуудлыг заавал тодотголоор оруулаад байх шаардлага байхгүй байх. Засгийн газрын тогтоолоор шилжүүлээд хийж болох ажил байна.
И.Батнасан: – Зардал хоорондын гүйлгээгээр шилжүүлж болох байх. Гэхдээ гүйлгээгээ нээхгүй бол татаад авах магадлалтай.
Б.Батнасан: – Өөр нэмж хэлэх асуулттай төлөөлөгч, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байхгүй учир асуултаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар асуултаа таслав.
Төсвийн тодотголтой холбоотой нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй саналаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар саналаа таслаад тогтоолын төслийг танилцуулъя. /Дүүргийн 2015 оны төсвийн тодотголын тогтоолын төслийг ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулттай төлөөлөгч байна уу?
Асуух асуулттай төлөөлөгч байсангүй.
Тогтоолын төсөлтэй холбоотой санал байна уу?
Нэмж хэлэх санал байхгүй тул тогтоолын төслийг батлах уу?
Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Тогтоолын төсөл дээр санал асуулттай төлөөлөгч байхгүй тул Дүүргийн 2015 оны төсвийн тодотголын тогтоолын төслийг батлахаар шийдвэрлэв.
Б.Батнасан: – 5 дахь асуудал дүүргийн 2016 оны төсөв батлах тухай илтгэлийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Мягмарсүрэн танилцуулна.
СОНССОН НЬ:
Ц.Мягмарсүрэн: – Та бүхэндээ дүүргийн 2016 оны төсөв батлуулахаар өргөн барьж байна. /Дүүргийн 2016 оны төвсийн төслийг ХАВСАРГАВ/
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Төрийн сан хөмрөг арвижин баяжих болтугай.
Б.Батнасан: – Хурлын Төлөөлөгчдөөс асуух зүйл байна уу? Байгууллагуудын төсөв урьд оноосоо бууж орж ирсэн байгаа.
Ж.Баярбаатар: – Дүүргийн татварын орлого нэмэгдсэн үү? Татварын нөөц хэр байна. Хотын татвар орох уу?
Д.Алтанцэцэг: /Татварын хэлтэс/ – Жишиг татвар бүрдүүлж байгаа. Хогны төлбөр, бусад орлого нийт 15 сая төгрөгөөр давж байгаа. Бууны татварын орлого нэмэгдсэн. Хотын татвар орохгүй байгаа.
Б.Батнасан: – Цагдаагийн тасгаас яригдаад байгаа сүүлийн үеийн камерийг мянганы зам дагуу тавьж чадвал эргээд бид татвараараа орлого олох боломж бүрдэнэ. Хүү торгуулийн орлого нэмэгдэнэ гэсэн үг.
Б.Ганхөлөг: – Илүү гарч ирсэн орлого нь хаанаас гарсан орлого вэ?
Ц.Мягмарсүрэн: – 2013, 2014 оны ОНХСХ-ийн ажлаас 26,1 сая, татвар 15,5 сая, Дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээний хандиваас 3,7 сая эдгээр нь дүүргийн орлого болдог.
Б.Батнасан: – Өөр нэмж хэлэх саналтай төлөөлөгч, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байсангүй
Төсөвтэй холбоотой нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол миний зүгээс 1 санал байна. Дүүрэгт 2015 онд Улаан загалмайн анхан, дунд шатны хороо байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Улаан загалмайн байранд засвар хийхэд Улаан загалмайн нийгэмлэгээс мөнгө өгнө гээд одоог болтол шийдвэрлээгүй. Уг ажлын хүрээнд хүмүүнлэгийн ажилтнуудад цалин хөлс гэхгүй харин сургалт, зөвлөгөөн, бусад зардалд тодорхой хэмжээний мөнгө тавих саналтай байна. Үүн дээр төлөөлөгч нар саналаа хэлнэ үү.
Ц.Цэцгээ: – Хаанаас ямар мөнгө авах вэ? Жилд хэдэн төгрөг хэрэг болох бол ойролцоогоор
Б.Батнасан: – Жилд 3-5 сая төгрөг байхад болох байх. Бусад дүүргүүдийн жишгийг харахад Улаан загалмайн хороонд тусдаа төсөв баталж өгдөг юм билээ. Худалдан авах ажиллагааны төсөв нэмэгдсэн байсан. Энэ талаар О.Содовжамц даргын саналыг сонсмоор байна.
Ж.Баярбаатар: – Төлөөлөгч нар төсвөө батлаад саналаа хүргүүлэхээр сангийн яамнаас төсөв ирүүлэхдээ бидний явуулсан төсөл шал өөр болоод ирдэг. Явуулсан төсвийн хойноос хөөцөлдөх хэрэгтэй байх.
О.Содовжамц: /ХААА-ы дарга/ – Байгууллагын төсвөөс 3 сая төгрөг хасагдах нь харамсалтай л байна. Гэхдээ манай байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олдог нь саашаалтай. Хэрвээ бид үйл ажиллагаанаасаа орлого олж чадахгүй бол 2016 оны хагас жилээр тодотголоо эргэж нэг хараарай гэж хэлмээр байна. Ингээд миний зүгээс татгалзах зүйл алга байна.
С.Эрдэнэбаяр: – Ер нь 2012 онд ямар ч эрх мэдэлгүй байсан. ОНХСХ-өөр байгууллага аж ахуйн нэгжид тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлээд явж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч зардал шилжүүлэх талаар журамласан байгаа. Орон нутагт зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Б.Батнасан: Өөр нэмж хэлэх санал, асуулттай хүн байна уу?
Нэмж хэлэх санал, асуух асуулттай хүн байсангүй.
Санал асуултаа таслах уу? Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар санал асуултыг таслав.
Нийт төлөөлөгчдөд тогтоолын төслийг танилцуулъя. /Дүүргийн 2016 оны төсөв батлах тухай тогтоолын төсөл ХАВСАРГАВ/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн 2016 оны төсвийг батлахаар шийдвэрлэв.
Б.Батнасан. 6 дугаар асуудал болох Орон нтугийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийх ажлыг батлах тухай Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга танилцуулна.
Ц.Мягмарсүрэн: – 2016 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлыг танилцуулъя.
Төсөл арга хэмжээний саналыг хуулийн хүрээнд иргэдээс санал асуулга авч зохион байгуулсан бөгөөд нийт 7 тэр бум төгрөгний ажил болсон. Уг саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн боловч 1,4 тэр бумын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд ахиж эрэмбэлэх ажлыг зохион байгуулаад байна. /2016 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналыг ХАВСАРГАВ/
Б.Батнасан: – Энэ асуудлын хүрээнд дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар хуралдаад дахиж ажлын хороод хуралдаад хийх ажлаа хороо хороогоор эрэмбэлсэн байгаа.
Ж.Баярбаатар: – Нэршил дээрээ анхаарах
И.Батнасан: – Он дамжин хийгдэж байгаа ажлын гүйцэтгэгч байгууллага шалгарсан уу?
О.Содовжамц: /ХААА-ы дарга/ – Хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын гүйцэтгэгч нь шалгарсан. Хүүхдийн нэгдсэн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн гэрэлтүүлгийн нэршил нь өөр болоод буцаагдаад он дамжихаар болсон.
И.Батнасан: – Антень уул гэж урд уулаа янзлах гээд байна уу?
Ж.Баярбаатар: – Антень уул засварлах, дүүргийн өндөрлөгтэй болох гэсэн 2 ажлыг нэгтгээд нэг болгосон юм.
Х.Цогцэцэг: – Ажлын хороод суугаад хийгдэх ажлыг эрэмбэлээд жагсаасан жагсаалт биш байна.
Б.Болормаа: – 1 дүгээр хороонд хийгдэх ажлыг эрэмбэлээд өгсөн.
Б.Батнасан: – Төлөөлөгч нараас гарсан эрэмбэлээд өгсөн санал нь хаана байна.
Ц.Мягмарсүрэн: – Асуудал хариуцсан мэргэжилтэн нэгтгээд өгсөн.
С.Эрдэнэбаяр: – 2015 онд 1,6 тэр бум төгрөг орж ирэх ёстой. Одоогоор орж ирсэн нь 1 тэр бум гаруй орж ирсэн. 600 гаруй сая төгрөг дутуу байгаа. Он дамжин хийгдэж буй ажилд 2016 онд орж ирэх Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 600 гаруй сая төгрөгөө хасаад үлдсэн мөнгөөр нь 2016 онд хийх ажлаа тааруулж батлах ёстой.
И.Батнасан: – Засч өгсөн материалаа засаад оруулахгүй яасан юм бэ? Засаад ороод ирсэн бол энд ингээд маргалдаад суухгүй.
Б.Батнасан: – Түр завсарлаад хуралдаанаа үргэлжлүүлье. Хуралдаан 14.03 цагт завсарлав.
14.13 минут Б.Батнасан: – Нийт төлөөлөгчдөө хуралдаанаа үргэлжлүүлье. Хэлэлцэж буй асуудал үргэлжилж байгаа. Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Мягмарсүрэн үргэлжлүүлэн танилцуулна.
Ц.Мягмарсүрэн: – 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг зассан байдлаар танилцуулав. /төслийг ХАВСАРГАВ/
Б.Батнасан:- Төлөөлөгч нараас асууж тодруулах, нэмэх санал байна уу?
Асуух асуулттай, нэмэх саналтай төлөөлөгч байсангүй.
Санал, асуулт байхгүй гэж үзээд санал асуултаа таслах уу?
Төлөөлөгч нарын 100 хувийн саналаар асуултыг таслав.
Ингээд тогтоолын төслийг танилцуулъя. /2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тогтоолын төслийг ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулттай төлөөлөгч байна уу?
Санал, асуулттай төлөөлөгч байсангүй.
Тогтоолын төслийг батлах уу? Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Тогтоолын төсөл дээр санал асуулттай төлөөлөгч байхгүй тул Дүүрэгт 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тогтоолын төслийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлахаар шийдвэрлэв.
Б.Батнасан: – 2016 оны Эдийн засаг, Нийгмийн зорилтын төслийг дүүргийн Засаг даргын орлогч Ф.Мөнхгэрэл танилцуулна.
СОНССОН НЬ:
Ф.Мөнхгэрэл: – Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Дүүргийн 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг 5 бүлэг 65 зорилт 169 ажил хийхээр төлөвлөн хүргэж байна. /2016 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын төслийг ХАВСАРГАВ/
Анхаарал тавьсанд баярлалаа.
Б.Батнасан: Уг төсөл дээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь ажлын хороод хуралдсан байгаа. Ингээд төсөлтэй холбоотой асуулт байна уу?
Санхүү, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн ажлын хорооноос 2016 оны Нийгэм, эдийн засгийн зорилтын төсөлд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр дараах саналыг оруулж байна.
- 4.1-д заасан төмөр замын терминаль байгуулах ажлыг гүйцэтгэж буй “Трансгайд” ХХК-ныг дэмжиж ажиллах гэсэн заалтыг Төмөр замын терминаль байгуулах ажлыг дэмжиж ажиллах,
- 9.1-д Төсвийн байгууллагын өмч эзэмшилийн гэрээний биелэлт, өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлыг эрчимжүүлэн хяналт тавих гэсэн заалтад 2.9.1-т Төсвийн байгууллагын өмч эзэмшилийн гэрээний биелэлтийг дүгнэж, үр дүнг тооцох, 2.9.2-т Өмч хамгаалах байнгын зөвлөлийг сургалтанд хамруулж, байнгын ажиллагаатай болгон хяналт тавих
- 12.1-т заасан Олон нийтийн оролцоотой тендер шалгаруулалтыг зохион байгуулах гэсэн заалтад 2.12.1-т Олон нийтийн оролцоотой тендер шалгаруулалтыг зохион байгуулах, 2.12.2-т Ажлын гүйцэтгэлд иргэдийн хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх гэж өөрчлөлт оруулах саналтай байна.
Ф.Мөнхгэрэл: – Эрх зүй, төрийн байгуулалтын бодлого төлөвлөлтийн ажлын хорооноос дараах саналыг та бүхэнд танилцуулж байна.
- 4.4 дэх хэсгийг Малчдын нөхөрлөл холбоог арга зүй удирдлагаар хангаж, малын хулгайтай тэмцэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж тэдэнд дэжлэг үзүүлэх гэж найруулга засах
- 4.5 дэх хэсгийг Малын хулгай болон гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг иргэдээс төлбөртэй авч урамшуулах ажлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх, цагдаа олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гэж найруулга засах
- 4.6 Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, дуудлага мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, гэмт хэргийн газрын байршил тогтоох техник хэрэгслээр хангах асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх гэж нэгтгэж найруулга засах
- 4.11 -т “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хяналт, үнэлгээ хийх нэмж оруулах
- 10.2 –т УИХ болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуулийг хуульд нийцүүлэн зохион байгуулах нэмж оруулах
- 11.2 дахь хэсгийг Дүүрэгт мэдээлэл, лавлагаа, төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машин суурилуулах ажлыг судлах, холбогдох байгууллагад уламжлах гэж найруулга засах
- 11.5 дахь хэсгийг 1 дүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажлыг судлах, зураг төсөв хийлгэх гэж найруулга засах
- 13.2 Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, өсвөр үе, залуучуудад Батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчнийг сурталчлах, цэрэг-эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж найруулга засах
- 13.3 Байгууллага, аж ахуйн нэгжийн батлан хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцан, үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах гэж найруулга засах
Мөн зарим шаардлагатай төсвийг хасах гэсэн саналуудыг оруулж байна.
Б.Батнасан: – Ф.Мөнхгэрэлд баярлалаа. Одоо Нийгмийн бодлого төлөвлөлтийн ажлын хорооноос оруулах саналыг Х.Цогцэцэг танилцуулна.
Х.Цогцэцэг: – Оруулах гэж байгаа санал илтгэл дээр гарсан боловч тараагдсан материалд алга байна. Ингээд дараах саналуудыг оруулж байна.
- 3.4-т “Хүүхдэд ээлтэй дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэмж оруулах
- 2.3 –т Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах нэмж оруулах
- 14.3-т “Хүүхдийн спортын наадам-2016” зохион байгуулах нэмж оруулах
- 9.1, 1.9.2 дахь хэсгийг нэгтгэн Эмч эмнэлгийн ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр ханган тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж өөрчлөх саналтай байна.
Б.Батнасан: – Дараа нь Дэд бүтэц, хот байгуулалт, экологийн бодлого төлөвлөлтийн ажлын хорооны дарга Б.Болормаа танилцуулна.
Б.Болормаа: – Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэд бүтэц, хот байгуулалт, экологийн бодлого төлөвлөлтийн ажлын хорооноос дараахь 2 чиглэлээр санал болгож байна.
- 1.2 –т 2 дугаар хорооны 12, 13 дугаар байрны халуун усны оруулга болон төв шугам, худаг шинээр хийх гэж оруулах
- 4.5 дахь хэсэгт байгаа Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үгийг хасах
- 8.1 –т Жимс жимсгэнэ тариалах сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулж төсөл хөтөлбөрт хамруулах гэсэн ажил дээр сонгон шалгаруулах гэсэн үг оруулах
- 7.1, 4.8.5 дахь заалт давхардсан тул хасах саналтай байна. Анхаарал хандуулсанд баярлалаа
Ж.Баярбаатар: – Ажлын хороодоос хийх ажлын саналууд зөндөө орсон байна. 2016 онд хийгдэх болов уу?
С.Эрдэнэбаяр: – Дан ганц дүүргийн төсвөөр хийж чадахгүй бид гадны байгууллагаас төсөл, хөтөлбөр авахаар төлөвлөөд байгаа
Б.Батнасан: – Өөр асуулттай төлөөлөгч байна уу?
Х.Цогцэцэг: – Хоёр зүйл тодруулмаар байна.
- 2.1 –т заасан Биеийн тамир, спорт хорооны бүтэц орон тоог нэмэгдүүлэх гэсэн заалтыг тодруулмаар байна.
- 17.2 –т НХҮХ-ээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах төвийн газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн заалт маш том ажил болж харагдаад байна.
С.Эрдэнэбаяр: – Х.Цогцэцэгт баярлалаа. Биеийн тамир, спортын хорооны бүтэц орон тооны хувьд мэргэжлийн багш, дасгалжуулагчийг үйлчлэгчийн орон тоон дээр аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд спортоор хичээллэх иргэд нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Д.Жүгдэр: /НХҮХ-ийн дарга/ – ХАХНХЯамнаас 2013 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барих талаар санал тусгаад явж байгаа. Уг ажлыг хятадын хөрөнгө оруулалтаар барих талаар шийдвэрлэгдэж байгаа. Төвийн дүүргүүд газрын асуудлаа шийдвэрлэж чадаагүй манай дүүрэгт газрын асуудал шийдвэрлэгдвэл дараагийн шатны арга хэмжээг авах боломжтой юм. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 19 хүүхэд байна.
С.Эрдэнэбаяр: – Энэ асуудлыг шийдвэрлэвэл зөвхөн манай дүүрэгт ч биш өөр дүүрэг, орон нутгийн иргэдэд маш хэрэгтэй зүйл болох байх
Д.Оюунгэрэл: – 1.3.4-т Албан бус боловсролын төвийн үйл ажиллагааг хороод, “Хангай” цогцолбор сургуульд даалгасан байна. Дүүрэгт албан бус боловсролын төв байхгүй. 2 хүүхэд налайх дүүргийн Албан бус боловсролын төвд хамрагдаж байгаа. Мөн насанд хүрээгүй иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэсэн заалт байна. Угаасаа насанд хүрээгүй хүүхэд гэдэг чинь 0-18 нас байдаг хуулиараа 0-18 насны хүүхэд эрүүл мэндийн даатгалд үнэгүй хамрагдах ёстой байдаг.
Б.Баяртуяа: /Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн/ – Насанд хүрээгүй хүүхдүүд зарим тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй үе байдаг. Үүнд: 1. Шинээр төрсөн хүүхэд, 2. Өөр газраас шилжиж ирэх явцад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг.
Ш.Баасансүрэн: /Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга/ – Албан бус боловсролын төвийн үйл ажиллагаатай холбоотой заалтыг манай хэлтсээс боловсруулаагүй.
С.Эрдэнэбаяр:- Албан бус боловсролын төв ч байхгүй байж ийм заалт хэрэгжүүлэх боломжгүй хассан нь дээр байх.
Б.Батнасан: – Өөр асуулттай хүн байна уу?
И.Батнасан: – Эрчим хүчний хамгаалалтын талаар тусгамаар байна. Улаанбаатар Цахилгаан түгээх станцаар дэмжүүлэхэд болж байна. Инженерийн байгууламжыг төлөвлөж байвал зүгээр байх. Ирээдүйгээ харж сайжруулах ажлыг бага багаар өрнүүлэх нь зүйтэй.
Ж.Баярбаатар: – Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа дүүргээс шалтгаалахаар байгаа бичиг баримт явуулах гэдэг бол үүрэгт ажил энэ заалтыг хасах саналтай байна. Мөн орон нутгийн ТВ-ийн үйл ажиллагааг сайжруулах огт ажиллахгүй байна.
Х.Цогцэцэг: – 1 заалт нэмж оруулаад, нэг заалт хасах саналтай байна. 3.4.8-г оруулаад, 4.10.11-г хасах
Б.Ганхөлөг: – Эдийн засгийн хөгжлийн заалтуудыг судлах
Б.Батнасан: – Аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нараас санал, асуулт байна уу?
н.Амаржаргал: /Замын цагдаа/ – Олон сайхан ажил хийж байгаад талархаж байна. Үүн дээр нэмээд санал хэлэхэд дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд дутуу байна. Замын гэрэлтүүлгүүд эвдэрч, гэмтсэн байна. Одоо зайлшгүй шаардлагатай зүйл бол 1 метр 20 см-ийн өндөртэй 3 өнгийн тууз эхний ээлжинд нэн шаардлагатай байна. Автозамын арчлалт хамгаалалт хүнд даацын машин оруулахгүй байх тэмдэг, тэмдэглэгээ орохыг хориглодог заалт байдаг. Хүнд даацын машин ирэх үед хяналт тавих үүднээс электрон метртэй болчвол стандартад нийцнэ. Гомдол санал их ирж байна. Баримтжуулах үүднээс зургийн аппарат, 400 метр тууз, электрон метрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү?
С.Эрдэнэбаяр: – 2016 оны Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгах санал ажлын хороодоос ирүүлсэн саналыг тусгах боломжтой. Мах боловсруулах үйлдвэрийн тухай заалтыг хасахад учир дутагдалтай зүйл их байна. Учир нь дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөрт орсон байгаа заалт юм. Орон нутгийн ТВ-ийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг тусгая. Авто замын журмын хашаа огт ажиллахгүй байна. Тууз нь 1,4 сая төгрөг болох юм байна. Бүтэн жилийн хугацаанд шийдэх гарц олдох байх. Харин электрон метрийн асуудлыг шууд шийдвэрлэе. Засаг даргын нөөц хөрөнгөөс гарч болох зардал байна. Мөн дүүргийн Цагдаагийн тасаг 2015 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтраад олон ажил хийж хэрэгжүүлж байгаад бас талархаж байна.
Б.Батнасан: – 2015 оны байдлаар 4 заалт 50-иас доош хувийн үнэлгээтэй байна. Аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нар анхаарч ажиллаарай. Дүүргийн веб сайттай холбоотой асуудал байна. 2016 онд Д.Эрдэнэтуяа анхаарч ажиллах.
С.Эрдэнэбаяр: – Дүүргийн веб сайттай холбоотой шаардлага тавихаар мэргэжилтэнгүүд ажлаасаа гараад байна.
Б.Батнасан:- Дүүргийн өндөрлөгийн асуудал байна. Удаан хөдөлж байна. Дүүргийн төсөв бүрдүүлэхэд анхаарч ажиллах
Б.Болормаа: – Редакцын алдааг хянаж засварлах
Б.Батнасан: Өөр санал, асуулт байхгүй бол санал асуултаа таслах уу?
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар санал асуултыг таслаад тогтоолын төслийг танилцуулъя. /2016 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын төслийг батлах тухай тогтоолын төсөл ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулт байна уу?
Санал асуулт байхгүй гэж үзээд тогтоолын төслөө батлах уу? Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Тогтоолын төсөл дээр санал, асуулттай төлөөлөгч байхгүй тул Дүүргийн 2016 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын төслийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Б.Батнасан: – 8 дугаар асуудал болох Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Өмч газрын харилцааны албаны дарга Л.Санжийжамц танилцуулна.
СОНССОН НЬ:
Л.Санжийжамц: /Өмч, газрын харилцааны албаны дарга/ – Эрхэм Хурлын дарга, Эрхэм төлөөлөгчидөө, эрхэм зочидоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн талаар ярихаас өмнө 2015 онд газар зохион байгуулалтын талаар хийсэн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулъя. Бидний төлөвлөгөөний биелэлт 93.1%ийн үзүүлттэй байна. / Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ХАВСАРГАВ/
Эрхэм хурлын төлөөлөгч та бүхэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж өгнө үү хэмээн хүсэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Б.Батнасан: – Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуулт байна уу? Дуудлага худалдаагаар зарагдсан газарт 2 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй бол тэр газрыг хэрхэх вэ?
Л.Санжийжамц: – 2 жилийн хугацаанд ямар нэгэн хашаа хайс, судалгаа шинжилгээ хийгээгүй бол мөнгөн торгууль ногдуулах эсвэл хураах заалттай байгаа.
Ж.Баярбаатар: – Дуудлага худалдааны үнэ төв аймгийн баян сумаас 2-20 дахин их үнэтэй байна.
Л.Санжийжамц: – 2010 онд газрын дуудлага худалдаа зохион байгуулах журам батлагдсан. Засгийн газрын тогтоол, БХБ-яамны сайдын тушаал батлагдвал үнэ буурах боломжтой байгаа.
Б.Батнасан: – Өөр асуух асуулттай төлөөлөгч байна уу?
Нэмж асуух асуулттай төлөөлөгч байхгүй.
Б.Батнасан: – Нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
С.Эрдэнэбаяр: – 1 га газар 88 сая гэдэг бол арай их, Хөдөө аж ахуйн газар тариалан, Орон сууц барих зэрэг шалтгаанаар газрын үнэ өөр өөр байгаа. Зэргэлдээ Баян, Сэргэлэн сумдад 1 га газар 700 мянга байдаг.
Б.Батнасан: – Өөр санал байхгүй бол саналаа таслах уу? Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар саналыг таслав.
Нэмж хэлэх санал, асуулт байхгүй тул тогтоолын төслийг танилцуулъя. / Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл ХАВСАРГАВ/
Б.Батнасан: – Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт, нэмэх саналтай төлөөлөгч байна уу?
Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал байхгүй тул тогтоолын төслөө батлах уу?
Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
ШИЙДВЭРЛСЭН НЬ: Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусгах санал байхгүй тул нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлахаар болов.
Б.Батнасан: – 9 дүгээр асуудал болох Гэр хорооллын зарим гудамжийг хаягжуулж, нэршил олгох тухай Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Санжийжамц танилцуулна.
СОНССОН НЬ:
Л.Санжийжамц: – Шинээр олгож буй газруудад нэр, хаяг олгох шаардлагатай байгаа тул уг саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын чуулганаар оруулж байна. Ингээд дүүргийн 1, 2 дугаар хорооноос ирсэн саналыг танилцуулъя. / Гэр хорооллын зарим гудамжийг хаягжуулж, нэршил олгох тухай саналыг /ХАВСАРГАВ/
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Б.Батнасан: – 1 дүгээр хорооноос эхлээд нэр хаягаа өгсөн нь дээр байх. Дээр дурдсан 3 нэршил дээр өгөх үү? Өөр нэр нэмж оруулах саналтай төлөөлөгч байна уу?
И.Батнасан: – Байгаль дэлхийгээ билэгшээгээд, билэгдлээ бодоод, хөгжил цэцэглэлтээ бодоод ч нэр өгч болно. Өвгөнт гэсэн нэр сонин сонсогдож байна.
Б.Батнасан: – Өөр нэр нэмж хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
Л.Санжийжамц: – Нэг байршил дээр 3 нэрний сонголт байгаа. Энэ гурван нэрнээс сонгоод нэр өгч болно. Өөр нэр өгч бас болно.
- Өвгөнт, 2. Гөлтгөнө, 3. Саалийн толгой гэсэн 3 нэрний санал ирээд байна
Б.Батнасан: – Нэр нэмэх шаардлагагүй гэж бодож байгаа бол саналаа хураая. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр нэмэх шаардлагагүй дээрх гурван нэр дээр санал хураахаар боллоо.
И.Батнасан: – Өвгөнт нэрийг хасах саналтай байна. Хасах саналтай төлөөлөгч саналаа хураая. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Өвгөнт нэрийг хасхаар болов.
Б.Батнасан: – Одоо Гөлтгөнө, Саалийн толгой хоёр нэр дээр саналаа хураая. Гөлтгөнө нэр дээр саналаа хураая. Санал өгсөн төлөөлөгч байхгүй
Саалийн толгой нэр дээр саналаа хураая. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Саалийн толгой нэрийг сонгохоор болов.
Б.Батнасан: – 2 дугаар хорооны шинээр олгож байгаа газрын тухай Л.Санжийжамц танилцуулах
Л.Санжийжамц: – Одоо байгаа Цайдам гэр хорооллын арын хэсэг мөн Бор үзүүрийн арын хэсэгт 2 хэсэг газар байна. Ар цайдам, Тахилгат гэсэн хоёр нэрний санал ирээд байна.
Б.Батнасан: – Хоорондын зай нь маш жоохон дундуураа карьераар ухсан нүхтэй 2 хэсэгт газар өгч байгаа. Хоёр тусдаа нэр өгөх үү? Нийлүүлээд нэг нэр өгөх үү гэдэг дээр эхлээд саналаа хураая. Төлөөлөгчдийн ихэнхийн саналаар 1 нэртэй байхаар болов.
Нэр дээрээ санал хураая. Тахилгат нэр дээр саналаа хураая. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Тахилгат нэрийг өгөхөөр болов.
Ингээд тогтоолын төслийг танилцуулъя. /Гэр хорооллын зарим гудамжийг хаягжуулж, нэршил олгох тухай тогтоолын төслийг ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулт байна уу?
Төсөлтэй холбоотой санал асуулт байхгүй тул тогтоолын төсөлөө батлах уу?
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Гэр хорооллын зарим гудамжийг хаягжуулж, нэршил олгоход нэмэх санал байхгүй тул төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 1 дүгээр хорооны шинэ газарт Саалийн толгой, 2 дугаар хорооны шинэ газарт Тахилгат гэсэн нэрийг өгөхөөр шийдвэрлэв.
Б.Батнасан: бусад гэсэн асуудалд гурван асуудалд оруулсан байгаа. Энэ талаар ярилцъя эхний асуудал болох Соёлын ордоны авлага хүчингүй болгох тухай асуудлыг Соёлын Ордоны захирал Б.Алтанцоож танилцуулна.
СОНССОН НЬ:
Б.Алтанцоож: /Соёлын ордон/ – Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тус байгууллагад 1998 онд ажилд орсон иргэн Насанжаргал нь 562.000 мянган төгрөгний өртэй жил болгон аудитын шалгалтаар өр барагдуул гэсэн албан шаардлага тавьсаар өдийг хүрлээ. Уг хүнийг хайгаад улсын бүртгэлийн ерөнхий газраас хаягийг нь тодруулаад Багануур дүүрэгт очсон боловч хаяг дээрээ байхгүй улмаар цагдаагийн байгууллагад хандахад уг хүн маань 2015 онд нас барсан байсан. Иймд уг хүний авлагыг хүчингүй болгож өгнө үү?
Б.Батнасан: – Уг асуудалтай холбоотой санал, асуулттай хүн байна уу?
И.Батнасан: – Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хүчингүй болгох эрх зүйн акт байдаг юм уу?
Ж.Баярбаатар: – Намайг Соёлын ордоны захиралаар ажиллаж байхад л Насанжаргал гэдэг хүн хөгжим техник хэрэгслийг аваад явсан өр барагдуул гээд байдаг байсан одоо нэгэнт өөд болсон юм чинь авлагыг нь хүчингүй болгосон нь дээр байх
С.Эрдэнэбаяр: – Урьд нь Засаг даргын Тамгын газарт ийм асуудал байсныг бид Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулаад бас хүчингүй болгож байсан. Аудитын газраас шалгалт ирээд болно гэсэн хариу өгсөн.
Б.Батнасан: – Өөр санал, асуулттай төлөөлөгч байхгүй бол санал, асуултаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн санал, асуултыг таслаад тогтоолын төслөө танилцуулъя. /Соёлын ордоны авлага хүчингүй болгох тухай тогтоолын төсөл /ХАВСАРГАВ/
Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулттай төлөөлөгч байна уу?
Санал, асуулттай төлөөлөгч байхгүй тул тогтоолын төслөө батлах уу? Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Соёлын ордоны авлага хүчингүй болгох тухай тогтоолын төсөл нэмэх санал байхгүй тул тогтоолын төслийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Б.Батнасан: – Дараагийн асуудал 2015 оны 12 дугаар сарын 01-нд “Мини парламент”-2015 дүүрэгт 2 дахь удаагаа зохион байгуулаад байгаа билээ. Уг хурлаас гарсан 2 шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа танилцуулна.
СОНССОН НЬ:
Ц.Дэнсмаа: – Бид “Мини парламент” – 2015 чуулганыг дүүрэгт 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг хүүхдийн чуулганаар нийт 3 асуудлыг хэлэлцсэн.
- “Хүүхдэд ээлтэй дүүрэг” дэд хөтөлбөрийн төсөлд санал өгөх,
- Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны ажлын төлөвлөгөө,
- “Хүүхдийн спортын наадам”-2016 зохион байгуулах
тухай 3 асуудал хэлэлцэн чуулганы төлөөлөгч хүүхдүүдээс дүүргийн нийт хүүхдүүдэд хандсан Уриалга гаргалаа. /“МИНИ ПАРЛАМЕНТ – 2015” хүүхдийн чуулганы шийдвэрийг батлуулах тухай илтгэлийг ХАВСАРГАВ/
Б.Батнасан: – Хүүхдийн чуулгантай холбоотой асуух асуулт, хэлэх саналтай төлөөлөгч байна уу?
Санал, асуулт гарсангүй
Б.Батнасан: – Санал асуулттай төлөөлөгч байхгүй санал, асуултаа таслах уу? Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар санал асуултыг таслаад тогтоолын төслийг танилцуулъя. Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулттай төлөөлөгч байна уу?
Санал асуулт гаргасангүй
Б.Батнасан: – Тогтоолын төсөлтэй холбоотой санал, асуулттай төлөөлөгч байхгүй тул тогтоолын төслөө батлах уу?
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: “Мини парламент”-2015 хүүхдийн чуулганаас гарсан Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны ажлын төлөвлөгөө, “Хүүхдийн спортын наадам”-2016 зохион байгуулах ажлыг зохион байгуулах тогтоолын төслийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Б.Батнасан: – Хуралдааны сүүлийн асуудал болох Дүүрэгт шаардлагатай боловсон хүчнийг түр орон байраар хангах тухай
СОНССОН НЬ:
Б.Батнасан: – Дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 80 айлын орон сууц ашиглалтанд ороод нилээдгүй хугацаа өнгөрлөө. Дүүргийн мэдэлд 8 айлын орон сууцыг хариуцаж өгөхөөс 5 айлын орон сууцыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хувьчилсан. Үлдсэн 3 айлын орон сууцыг ямар хүмүүст ашиглуулж байна вэ? Байр хувьчилж авсан 5 хүний нэрийг мэдмээр байна.
С.Эрдэнэбаяр: – Нийслэлийн өмчийн харилцааны газраас уг 80 айлын орон сууцнаас 10 хувийг буюу 8 айлын орон сууцыг дүүргийн мэдэлд өгсөн. 8 айлын орон сууцыг өгөхдөө 5 айлын байрыг шууд хувьчилсан байсан. Хувьчлах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар шийдвэрлэдэг. Засаг даргын Тамгын газар хариуцуулж өгсөн 3 байранд Засаг даргын Тамгын газрын 3 албан хаагч одоогоор амьдарч байна. Үүнд:
- Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Давааням
- Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа
- Захиргаа, хуулийн хэлтсийн бичээч Н.Өлзийцэцэг нар
О.Содовжамц: /ХААА-ы дарга/ – Байр хувьчилж авсан хаана байдаг ямар 5 хүн бэ? Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяад урьд 5 ханатай шинэ гэр олгож байсан биз дээ? Уг байрнуудыг дүүрэгт томилолтоор ажиллаж буй иргэдэд түр ашиглуулах хэрэгтэй байх.
С.Эрдэнэбаяр: – /Нийслэлийн Засаг даргын Захирамж ХАВСАРГАВ /
Хэлэлцэх асуудалд оруулж буй саналаа Дүүргийн Засаг даргад мэдэгдэж байж оруулах нь зүйтэй байх. Дүүрэгт зайлшгүй шаардлагатай боловсон хүчин гэдэг нь өөрөө олон утгатай, маш их асуудалтай журам батлах гэж байгаа бол чуулганаар хэлэлцэх ёстой.
И.Батнасан: – Ямар журам боловсруулахыг сайн судлах хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй баахан журам боловсруулах хэрэг байна уу? Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр эхэлж оруулж байгаад Төлөөлөгчдийн чуулганаар оруулах саналтай байна.
Б.Батнасан: – Би Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд хэлэлцэх асуудал батлах үед өөрийн саналаа оруулж батлуулсан. Ганцхан 80 айлын орон сууц 5 дугаар байрны асуудал яриагүй. Ахиад 129 айлын 1 дүгээр байр ашиглалтанд ороход хаяанд ирээд байна. Тэр үед бэлэн журамтай байх үүднээс энэ саналыг оруулж ирсэн.
И.Батнасан: – Эхлээд гурван талт гэрээ байгуулаад дараа нь шийдсэн нь дээр байх
Б.Ганхөлөг: – 80 айлын 5 дугаар байрыг би анх худалдаж аваад засаад ашиглалтанд оруулсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг дарга 8 айлын орон сууцыг бүгдийг хувьчилхаар болоод байсан. Дүүргийн Засаг даргын орлогч даргатай хамт хөөцөлдөж байж 3 айлын орон сууцыг дүүргийн мэдэлд үлдээлгэсэн.
С.Эрдэнэбаяр: – Дүүрэгт зайлшгүй шаардлагатай боловсон хүчин гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн гэсэн орон сууцтай байсан. Хэдэн жил амьдраад хувьчлах хүсэлтэй гаргаад зарж үрээд явдаг. Эхний ээлжинд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Журам гаргах асуудлыг дэмжиж байна.
Б.Батнасан: – Хувьчлахаас сэргийлээд журам гаргах хэрэгтэй байна. Дүүрэгт нэг нарийн мэргэжлийн эмч ажиллуулъя гэхээр эхний ээлжинд орон байрны асуудал ярьдаг.
С.Эрдэнэбаяр: – Бидэнд зөндөө туршлага бий. Хэдэн жил амьдраад хувьчлах хүсэлтэй гаргаад зарж үрээд явдаг. Гэхдээ журмаа чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.
Б.Батнасан: Төлөөлөгчид өөр өөрийн саналаа хэлж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар хэлэлцэх үү? Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх үү гэдэг дээр саналаа хураая.
Ж.Баярбаатар: Чуулган болтол журмаа сайн боловсруулах хэрэгтэй
Б.Батнасан: – Одоо саналаа хураая. 1 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар үдээс хойшхи чуулганд хүрэлцэн ирж чадахааргүй болсон.
Тэргүүлэгчдийн хурлаар оруулах – 8 хүний санал, Төлөөлөгчдийн чуулганаар оруулах – 8 хүний санал авч санал хураалт тэнцэв.
Б.Батнасан: – Дотоод журмын дагуу чуулган 15 минут завсарлаад 17.20 минутад хуралдахаар болов. Хурал 17.05 минутад завсарлав.
17.20 минут
Б.Батнасан: – Чуулганаа үргэлжлүүлье. Төлөөлөгч нарт хэлэх санал байна уу?
И.Батнасан. Уг асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулах саналтай байна.
С.Эрдэнэбаяр: – Ахиад санал тэнцвэл энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй.
Д.Оюунгэрэл: – Гэр бүлээрээ шилжин ирдэг хүмүүс байдаг. Хавар болтол энэ байрууд чинь хувьчлагдахгүй биздээ?
С.Эрдэнэбаяр: – Энэ асуудлыг хавар ярилцах хэрэгтэй байх. Одоо журам гаргаад өвлийн хүйтэнд тэр хүмүүсийг сандаачаад яах вэ? Заавал давчуу шийдвэрлэх хэрэг байна уу?
Б.Батнасан: – Энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар оруулах саналтай төлөөлөгч байна уу? 6 төлөөлөгч санал өгөв. Чуулганаар хэлэлцэх саналтай төлөөлөгч байна уу? 8 төлөөлөгч санал өгөв.
Өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөж байна. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Дүүрэгт шаардлагатай боловсон хүчнийг түр орон байраар хангах асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар чуулганаар хэлэлцэхээр болов.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр чуулган 17.30 минутад өндөрлөв.
ТАНИЛЦСАН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.БАТНАСАН
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН
АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН Г.СОЁЛМАА
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН МЭРЭГЖИЛТЭН Б.ГЭРЭЛЦОЛМОН

