Нийслэл Улаанбаатар хот ба түүний есөн дүүргийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцсэн ИТХ-ын ээлжит хуралдааны үйл явц болон түүгээр баталсан тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн зорилт, төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны баримт бичгүүдэд ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцооны үүднээс “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний байгууллагууд ажиглалт, мониторинг хийж дараах дүгнэлт зөвлөмж гаргав. Зөвлөмжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарт албан ёсоор хүргүүлсэн болно. 

Нэг. Аливаа төсвийн төлөвлөгөө, төсөл зэргийг аль болох эрт, урьдчилан  нээлттэй болгож, иргэд, оршин суугчид, татвар төлөгчид, салбар мэргэжлийн төлөөлөл, шинжээчдийн оролцоотойгоор яриа хэлэлцүүлэг өрнүүлж байх.

Орон нутгийн төсвийн үйл явцад иргэд, оршин суугчдын оролцоог зөвхөн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ, арга хэмжээний төлөвлөгөөнд санал авахаар хязгаарлаж байгаа нь хангалтгүй болжээ. Учир нь ОНХС-аас бусад төсөв иргэдийн оролцоо орхигдож, хяналтаас гадна үлдэх хандлагатай байна.

Тухайлбал, орон нутгийн төсвийн төлөвлөгөө, Засаг даргаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, газар зохион байгуулалт, концесс, хувьчлалын баримт бичгийн төслүүд хаалттай байгаа учраас иргэд саналаа хэлэх  боломж бүрдэхгүй байна.  Төсвийн төслийг хүлээж аваад ИТХ дахь намын бүлэг, түүний ажлын хороо, хэсэг болон төлөөлөгчид ямар өөрчлөлт хийж хуралдаанд танилцуулсныг харьцуулан үзэх боломж алга байна.

Иймд нийслэл, дүүргийн төсвийн төлөвлөгөө, төслийг боловсруулж үе шат болгонд мэдээлэл өгч нээлттэй болгох шаардлагатай.

Ялангуяа өнөөдөр төсөв болж томъёологдоогүй ч цаашдаа хөрөнгө, мөнгө шаардах янз бүрийн мөрийн хөтөлбөр, амлалтаас эхлээд төлөвлөгөө, төслийг шийдвэр гаргахаас өмнө иргэд, оршин суугчид, татвар төлөгчид, шинжээчдээр байнга хэлэлцүүлж байх нь улам бүр чухал болжээ. Энэ нь төсөв хөрөнгийг нэгэнт зарцуулахаар төлөвлөсөн, эсвэл баталсан хойно ардаа олон тэгтэй тоог иргэдээр хэлэлцүүлэхээр илүү үр дүнтэй гэж үзэж байна. Нэгэнт батлагдсан төсвийг зөв, буруу, сайтар нягталж тооцоолж чадсан эсэхээс үл хамааран хэрэгжүүлэх л үлдэж байгаа билээ.

Ер нь төсвийн томоохон зарцуулалт, худалдан авалт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон ажлыг төсөв мөнгө ярихаасаа өмнө хэрэгцээ, шаардлага, нийгэм-эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл, үр дагаврын талаас нь олон нийтийн оролцоотой хэлэлцэж эцэслэдэг байх, шинэ бүтээн байгуулалт буюу хөрөнгө оруулалт, худалдан авалтаар бий болгосон дэд бүтэц, зам, барилга зэрэг объектууд дараа нь байнгын зардал шаарддаг болохыг анхаарах хэрэгтэй байна. Ингэснээр тухайн асуудлаар илүү оновчтой шийдлийг олох, иргэдийн дунд зөвшилцөл бий болох, тэдний дэмжлэг авах ач холбогдолтой юм. Бодит байдал дээр тухайн асуудлыг сайн мэддэг хүн, эсвэл чухал мэдээлэлтэй хүн заавал шийдвэр гаргагчдын дунд байх албагүй.

Мэдээжийн хэрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөх болон зарцуулахад иргэдийн саналыг авч хэлэлцүүлэх үйл явц үргэлжлэх ёстой.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Хоёр. ИТХ-ын хуралдааны товын тухайд
Орон нутгийн ИТХ-ын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар аль болох эрт зарлаж байх нь нийслэл, тухайн оршин суугчид  шууд болон өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөр дамжуулан саналаа илэрхийлж амжих, идэвхтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд бидний нэгэн адилаар ажиглалт, мониторинг хийх чухал нөхцөл юм.

Монгол Улсын Төсвийн тухай хуулиар нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг 11-р сарын 25-ны дотор ИТХ-даа өргөн мэдүүлж, 12-р сарын 05-ны дотор хэлэлцэн батлах, харин дүүргийн Засаг дарга 12-р сарын 10-ны дотор өргөн мэдүүлж 12-р сарын 20-ны иргэдийн ИТХ-аар хэлэлцэн батлахаар заасан байдаг. Харин 2016 оны төсвийн тухайд нийслэлийн ИТХ 11-р сарын 23-30-ны хооронд хуралдаж дууссан бол Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийнх 12-р сарын 10-ны өдөр төсвөө хэлэлцэж баталжээ.

Төсвийн төслийг эртхэн баталснаар хуралдаанаас гарсан саналыг тусгах, хэрэгжүүлэх төлөвлөгөөг нарийвчилан боловсруулаад 2016 оны 1-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бэлтгэлийг хангахад тустай боловч хуулиар олгосон цаг хугацааны боломжийг төсөв, худалдан авах ажиллагаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг баримт бичгийг иргэд, оршин суугчиддаа хүргэж тэднээр хэлэлцүүлж саналыг авч тусгахад ашиглахыг санал болгож байна. Тухайлбал, нийслэл, дүүргийн ИТХ-ны төлөөлөгчид төсвийн баримт бичгийн төслийг аваад тус тусын сонгогдсон тойрогт очиж иргэд, сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж танилцуулах, тэдний саналыг сонсч цааш уламжлах зэргээр  ажиллах боломж гэж үзэхийг уриалж байна.

Энэ бол ИТХ-ын төлөөлөгчид иргэддээ ажил хэрэгчээр хандаж бодитой яриа өрнүүлэх цөөхөн боломжийн нэг юм.

Төсвийн төслийг өргөн барьснаас хойш ИТХ-ын хуралдаанд оруулах хүртэл ИТХ дахь намын бүлэг, ажлын хэсэг, хороод ажилладаг боловч тэр хугацаа тэртээ тэргүй богино байдаг учраас уг хэлэлцүүлэг хэрхэн явагдаж ямар санал гарсан, юуг өөрчилсөн, хэрхэн зөвшилцсөнийг огт мэдэхгүй, тийм боломж гарахгүй байсаар өнгөрч байгааг анхаарах хэрэгтэй.

ИТХ-ын хуралдааны тов тодорхойгүй байх, хэт урагшлуулж хуралдсанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасанчлан ”24.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны  Хуралд  асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно” гэсний дагуу санаачлага гаргах боломжийг олгохгүй байна.

Нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ыг эс тооцвол дүүргүүдийн ИТХ-ын товыг өргөн олон нийтэд хүртээмжтэйгээр зарлаж байх шаардлагатай.

Гурав. ИТХ-ын хуралдааны үйл явц
Нийслэл, дүүргийн ИТХ-ын хуралдаан, тэр тусмаа дараа жилийн төсөв, худалдан авалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах хуралдаан бол орон нутгийн иргэд, сонгогчдод нээлттэй байх ёстой онцгой үйл явдал юм.

Ийм учраас Улаанбаатар хотын ИТХ-ын хуралдааныг телевизээр шууд дамжуулж байгаа нь сайшаалтай. Харин дүүргүүдэд тийм боломж байхгүй ч нээлттэй байдлыг хангах боломжтой гэж үзэж байна.

Ажиглалтаас үзэхэд ИТХ-ын ээлжит хуралдааныг хаана ч албан ёсоор хаалттай гэж зарлаагүй, хүсэлт тавихад суухыг зөвшөөрч байсан хэдий ч бараг бүх дүүрэгт тухайн дүүргийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцоогүй, уригдаагүй  төдийгүй огт мэдээгүй байлаа. Хуралдааны өдөр ч гэсэн уг хуралдааны талаарх ямар нэгэн зарлал, анонс ихэнх дүүргийн төр, захиргааны байгууллагын байранд тавигдсангүй.

ИТХ-ын хуралдааны дэгийг илүү тодорхой болгож ягштал баримтлах шаардлагатай. Учир нь зарим дүүргийн хуралдааны танхимд илтгэгч болон санал хэлж буй төлөөлөгчийн сэдэв, нэр, албан тушаалыг албан ёсоор бүтэн зарлахгүй байх,  жишээлбэл, хурал даргалагч “Одоо чи ярь” “Баяраа дарга яриарай” гэх мэтээр харилцаж байгаа нь тэд бие биенээ таньдаг учраас хоорондоо шууд ойлголцсон байж болох ч хөндлөнгийн ажиглагчдын хувьд ямар албан тушаалтай хэн болохыг мэдэхэд хүндрэлтэй төдийгүй хэт задгай, эмх цэгцгүй  уур амьсгалыг бүрдүүлж байна. Эсвэл зарим төлөөлөгч зөвшөөрөл авахгүйгээр “Би нэг юм хэлээдэхье” гэх мэтээр хэлэлцүүлэгт оролцож байна. Хурлын дэгийг хэрхэн баримтлах тухайд УИХ-ын чуулганы хуралдаанаас үлгэр жишээ авах шаардлагатай.

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нэлээд нь Засаг дарга, орлогч, харъяа байгууллагын дарга зэрэг гүйцэтгэх албан тушаалтнууд байсан нь “давхар дээлний асуудал” орон нутагт ч чухал болохыг харуулав. Үүнээс болж иргэдийн төлөөлөгч болон гүйцэтгэх албан тушаалтны зааг ялгаа бүдгэрч, нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс Засаг дарга болон ЗДТГ-ын албан тушаалтнуудтай хариуцлага тооцож шаардлага тавьсан  байр суурь намын бүлгүүд хоорондын зарим зөрчилдөөнийг эс тооцвол үгүйлэгдэж байсныг хэлэх хэрэгтэй.

Дүүргийн ИТХ-ын хуралдаан ганц өдөрт төдийгүй хагас өдөр, хэдхэн цагт багтан хуралдаж байгааг төлөөлөгчид баримт бичигтай урьдчилан сайн танилцсан, намын бүлэг, хурлын хороод сайн ажилласан гэдгээр тайлбарлаж болох ч тодорхой асуудлыг яагаад ингэж буюу тэгж шийдсэн нь гүйцэт ойлгогдохгүй өнгөрч байна. Зарим хуралдаан дээр нэг ч асуулт гарахгүй, санал шүүмжлэл өрнөхгүйгээр төсвөө баталжээ. Ингэж дүүргийн ажил, амьдралын үндсэн баримт бичиг болсон төсвийн хэлэлцүүлэг ёслол төдий болсныг сайшаах аргагүй юм.

Дөрөв. Хуралдааны тэмдэглэл
Нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага –  хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болсон хуралдаан, тэр тусмаа төсөв, санхүү, худалдан авалт, газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж баталсан ИТХ-ын ээлжит хуралдааны тэмдэглэлийг ил тод болгох нь мониторингийн чухал зорилго байсан юм.

Уг тэмдэглэлийг нууцлах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд уг хуралдаанд сууж ажиглах боломжгүй иргэд, оршин суугчид хуралдааны тэмдэглэлээс өөрсдийн сонгосон төлөөлөгчид хуралдаанд хэр идэвхтэй оролцсон, ямар байр суурь илэрхийлж, хэр оновчтой санал дэвшүүлсэн, эрх ашгийг нь хамгаалсан эсэхийг мэдэж авах ач холбогдолтой маш чухал баримт бичиг гэж бид үзсэн юм.

Дүүргүүдийн тэн хагас нь энэхүү хуралдааны тэмдэглэлийг шууд буюу эхний хүсэлтийн дагуу нээлттэй болгосон бол бусад нь хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүй  шалтаг, шалтгаан зааж гаргаж өгөөгүй юм.

Иймд  ИТХ-ын хуралдааны албан ёсны тэмдэглэл бэлэн болмогц ямар нэгэн болзол, шалтаггүйгээр нийтэд дэлгэж байх шаардлагатай. Үүний дараа ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээс гадна тэмдэглэлийг нээлттэй болгох асуудлыг авч үзэх шаардлагатай.

Үйл явцаас харахад ямар асуудлыг ИТХ-ын, ямар асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдэх нь иргэд, сонгогчдад ойлгомжгүй, жишээлбэл ИТХ-аар баталсан асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчилж шийдвэрлэх явдал ажиглагдлаа. Үүнийг нарийвчлан зохицуулах буюу энэ талаар иргэдэд тодорхой ойлголт өгөх шаардлагатай.

Тав. Батлагдсан төсвийн  ил тод, нээлттэй байдал
Орон нутгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж баталсан төсвийн холбогдолтой тогтоол шийдвэрийг тодорхой хугацаанд юуны өмнө албан ёсны цахим сайтаар нээлттэй болгохоор хуулинд заасан боловч яв цав хэрэгжүүлэхгүй хэвээр байна.

Ажиглахад, төсвийн мэдээллийн цахим сайтад хэрхэн байршуулах жишиг стандарт байхгүй, хэрвээ байдаг бол түүнийг баримталдаггүй учраас нийслэл, дүүргийн болон бусад цахим сайтын өөр өөр булан, цэсэнд, doc, зургийн, эсвэл pdf зэрэг өөр өөр форматаар хамаа намаагүй байршуулдаг учраас жирийн иргэн олж үзэхэд түвэгтэй байна.

Нийслэлийн дүүргийн сайтууд дизайны хувьд өөр өөр байж боловч үндсэн бүтэц, ангилал, цэсүүд ижил байх ёстой гэж үзэж байна.

Нийслэл, дүүргийн төсөвтэй хамт ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж баталдаг газар зохион байгуулалтын төлөвлөгөө ба гүйцэтгэл, орон нутгийн өмчөөс хувьчлах жагсаалт зэрэг нь олон нийтийн анхааралд өртөхгүй байна. Энэ нь уг асуудалд иргэд, олон нийтийг оролцуулахыг төдийлөн хичээдэггүй, тэдэнд урьдчилан танилцуулж яриа хэлэлцүүлэг, өрнүүлэхээс зайлсхийж ирсэн олон жилийн зуршил гэж ойлгогдсон болно.

Зургаа. Төсвийн баримт бичгүүдийн мэдээллийн сан
Орон нутгийн төсөв, санхүүгийн мэдээллийг хадгалж байх зорилт шинээр тавигдаж байна. Учир нь цахим сайтыг загвар, дизайныг өөрчлөх, эсвэл улс төрийн сонгуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, албан тушаалтнууд солигдсоны дараа сайт шинээр хийгдэж өмнөх төсөв, санхүүгийн мэдээлэл алга болж байна.  Өнөөдрийн байдлаар зөвхөн Налайх дүүрэг хуучин сайтаа хадгалан үлдсэн ба үзэх боломжтой байна.

Сүүлийн үед нийслэлийн Засаг даргын захирамжийг www.ulaanbaatar.mn  сайтад, Засаг даргынхаас гадна  ИТХ-ын тогтоол, мөн дүүргүүдийн захирамж тогтоолыг www.ublegal.mn сайт буюу нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн санд төвлөрүүлж, ингэхдээ урьд жилүүдийн тогтоол шийдвэрийг нөхөн оруулж байгаа нь нааштай эхлэл юм. Гэхдээ захирамж, тогтоолоос бусад төсөв, санхүүгийн мэдээллийг хадгалах, архивлаад далд хийх биш, байнга нээлттэй байлгах ялангуяа 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлээс гадна дүүргүүд санаачлага гарган анхааралдаа авах хэрэгтэй. Юуны өмнө төсвийн мэдээллийг бүртгэж, жагсаалт товъёог гаргах, өгөгдлийн сан байгуулах зэргээр интернэт, мэдээллийн технологийн боломжийг дээд зэргээр ашиглах нь зүйтэй.

Дашрамд дурдахад “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ сүүлийн хэдэн жилийн нийслэл, дүүргийн төсвийн үйл явцын мэдээлэл ба баримт бичгийг тасралтгүй цуглуулж мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа болно.

                                                “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

                                                                                                2016.04.15.